Номын тэмдэглэл “Шинжлэх ухааны товч түүх I” (Билл Брайсон)
1. Оршил
Энэ номыг бичих болсон шалтгаан нь 1950-иад онд байгалийн ухааны сурах бичгүүд их уйтгартай, зузаан, дур татах юмгүй байв. Үүнээс улбаалан зохиолч маань шинжлэх ухааны адармаатай зүйлсийн талаар зугаатай, сэтгэлд хоногшсон жишээ, мартахын аргагүй дүрслэл, яруу сайхан тайлбараар дүүрэн ном бүтээхээр зорьсны үр дүн нь энэхүү ном юм.
Энэхүү ном гэдэг нь Bill Bryson-ы бичсэн “A Short History of Nearly Everything” (Бараг бүх юмны тухай шастир) гэх ном бөгөөд харин Nepko publishing орчуулан гаргахдаа Шинжлэх ухааны товч түүх I, II гэж хоёр хуваан хэвлүүлжээ. Өнөөдрийн хувьд би “Шинжлэх ухааны товч түүх I” номын тэмдэглэлийг хуваалцах юм.
“Номхон далай дээгүүр онгоцоор өчнөөн цаг нисэх үедээ сарны гэрэлд туяарч буй далайг хараад бүхий л амьдралаа өнгөрүүлэхээр заяагдсан энэ гаригийнхаа талаар бараг юу ч мэддэггүй юм байна шүү дээ гэсэн бодол гэнэт харван орж ирэхэд их л таагүй сэтгэгдэл үлдэж билээ.” Билл Брайсон
2. Агуулга
I. Огторгуйд төөрөгсөд (Орчлон ертөнц, нарны аймаг, супернова)
II. Дэлхийн хэмжээ (Юмсын хэмжээ, геологи, палеонтологи, хими)
III. Шинэ эриний үүр цайлаа (Эйнштейн, атом, тугалга, бөөмс, тектоник хавтан)
IV. Аюултай гариг (Солир, газар хөдлөлт, галт уул, Еэллостоун)
Найруулгын хувьд ихэнх шинжлэх ухааны ном зохиол, нэвтрүүлгүүдтэй ижил. Орчлон ертөнц, нарны аймаг, дэлхий гэсэн томоосоо жижигрүү дараалалтай бичигдсэн, үүнтэй зэрэгцэн физик, хими гэх суурь шинжлэх ухааны болон астрономи, геологи, палеонтологи, газарзүйн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг өгүүлэх болно. Гол онцлог нь шинжлэх ухааны гайхамшигтай бөгөөд уйтгартай тоон үзүүлэлтийг маш сонирхолтойгоор харьцуулан тайлбарласанд оршино.
Жишээлбэл:
- Одоогийн бүтээгдсэн хамгийн хурдан сансрын хөлгөөр бид хамгийн ойр байгаа одонд очихын тулд 25’000 жил, сүүн зам глактикийн төвд хүрэхийн тулд бид хүн төрөлхтөн үүссэнээс ч урт хугацааг зарцуулах болно.
- Протон нь атом хэмээх жижигхэн юмны өчүүхэн бүрэлдэхүүн хэсэг. Протон үнэмшихийн аргагүй өчүүхэн учраас энэ өгүүлбэрийн эцэст бичигдэх цэгэн дотор 500’000’000’000 протон агуулагдах болно. Энэ тоог нэгээс эхлэн өгсүүлэн тоолъё гэвэл хагас сая жил болно.
- Чи сандал дээр суух үедээ яг ч сандал дээр суухгүй. Харин нэг ангстромын зайд (сентиметрыг зуун сая хуваасны нэг) сандалны дээгүүр хөвж байх болно. Чиний биеийн электрон чинь хамгийн ойр байх сандалны электронуудтай сөргөлдөн түлхэлцэж байх болно.
- Дэлхийн таталцлын хүчинд татагдан шил доошоо урсаж байдаг. Европын сүмүүдийн цонхны шилийг өргөж үзвэл доод хэсэг нь дээд хэсгээсээ хамаагүй илүү жинтэй.
- Европ болон Хойд америк тив хүний хумс ургах хурдаар бие биенээсээ холдож байна. Нэг хүний амьдралын хугацаанд 2 метр.
Үнэхээр сонирхолтойгоор харьцуулсан байгаа биз мөн эдгээр нээлтүүдийг эрдэмтэд хэрхэн тодорхойлсон талаарх түүхийг мөн өгүүлнэ.
Энэ номонд зөвхөн иймэрхүү сонирхолтой баримтууд болон зураг дүрслэлүүд л байх юм байна гэж төсөөлсөн, түүний үндсэн дээр ч уншиж эхэлсэн. Гэвч дандаа ийм байсангүй ээ, унших явцад:
“Бакландыг Чарльз Дарвин марзан амьтан гэж нэрлэсэн байдаг. Харин Лаелл болохоор багшаа гэж үзэн тэр байтугай 1824 онд хамтдаа богооноор Шотланд оржээ. Удалгүй Лаелл хуульчийн мэргэжлээ нэг мөсөн хаяж бүхий л амьдралаа геологид зориулсан юм. Лаелл их хараа муутай хүн байсан болохоор юм харах гэж байнга онийх нь нүүрэнд нь нэг л түгшүүртэй төрх үүсгэнэ (эцэст нь тэрээр нэг мөсөн сохорсон юм).”
гэх мэт шаардлагагүй түүх цөөнгүй тааралдана. Өө дандаа л гоё гоё баримтуудыг сонирхолтойгоор илэрхийлнэ гээгүй билүү гэж хаяа нэг ундууцан уншиж дуусгав. Нөгөө талаас Шинжлэх ухааны товч “түүх” гэсэн нэртэй ном уншиж байж түүх өгүүллээ гэж буруутгаж байгаа нь утгагүй хэрэг гэдгээ ойлгож байв. Гэхдээ л зарим нуршсан түүх, криллээр бичсэн баахан латин нэрсийг (газар болон хүн) уншихад залхуу хүрч байсан нь үнэн.
3. Дүгнэлт
Мэдээж маш олон шинжлэх ухааны ойлголт, түүхийг унших явцдаа ухаарч мөн бишрэх болно. Эдгээрээс дараах 3 зүйлсийг онцлоё.
I. Орчлон ертөнц, бидний эх дэлхий болон та бид үнэхээрийн ховор тохиолдлоор бий болсон азтай материуд. Эдгээрийг үүсгэгч маш нарийн процесст өчүүхэн төдий л өөрчлөлт орсон тохиолдолд үүнийг бичиж буй би болон уншиж буй та, амьдарч буй гарагтайгаа, хорвоо ертөнцтэйгөө хамт бүгд энд байхгүй байх байжээ.
II. Эрдэмтэд ч гэсэн алддаг “эрдэмтэд нотолжээ” гэдэг үгийн ард ямар судалгааны байгууллагын, хэн гэдэг эрдэмтэн, ямар замаар батлаад, ямар сэтгүүл дээр хэвлүүлж бусад эрдэмтэд хэрхэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг харгалзах хэрэгтэй.
III. Дээр өгүүлсэн гайхамшигт тогтолцооны нэг хэсэг болох манай дэлхий хүн төрөлхтөнд амьдрал бэлэглэж буй төгс орчин боловч бас хүн төрөлхтнийг устгаж чадахуйц маш аюултай гараг юм. Солир, галт уул, газар хөдлөлт зэрэг нь хүний соёл иргэншлийг нэг мөсөн сүйрүүлж чадахуйц аймшигт сүйрэл дагуулах боломжтой. Харамсалтай нь эдгээр аюул занал хэзээ тохиолдохыг урьдчилан таамаглаж чадахгүй мөн урьдчилан сэргийлэх бараг л боломжгүй юм байна.
Үнэлгээ: 8.0/10
жич: Хөл хорионы үед санамсаргүй сонголтоор 3 ном уншсан бөгөөд эдгээр маань хоорондоо уялдаа холбоотой байж таарав. Эхний ном нь энэ ба энэ номын үргэлжлэл гэмээр хоёр дахь номын тэмдэглэлээр удахгүй уулзацгаая.
Шинжлэх ухаан Монголд хөгжихийн төлөө !!
05:43 am
2021.01.07